■Өөрийн танилцуулга
Сайн байна уу. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн Энхзаяагийн Солонго байна. Би Монгол Улсын Их Сургуульд Нефтийн химич мэргэжлээр суралцаж байх хугацаанд Мияазаки Их Сургууль руу оюутан солилцооны хөтөлбөрөөр анх явах боломж тохиож Мияазаки муж руу явж байсан. Тухайн үед 3 долоо хоног байрлаж байсан ба Монгол Улсын Их Сургуулийг төгсөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Мияазаки Их Сургуулийн мастерийн хөтөлбөрт элсэн суралцах боломжтой болсноор гадаад дахь ганцаараа амьдарах амьдрал маань эхэлсэн.
Эхлээд Мияазаки муж Японы хаана байдаг зэргийг ч мэдэхгүй байсан надад амьдраад үзэхэд аялалаар явж байсан Канто бүсийг бодвол хичээл номондоо анхаарлаа хандуулах боломжийг бүрдсэн, сайхан сэтгэлт хүмүүс ихтэй, амьдрахад таатай газар байсан. Мөн Мияазаки муж нь хоол хүнс нь амттай, байгалийн сайхан газрууд ихтэй байсан тул би Мияазаки мужид суралцсандаа их талархалтай байдаг. Иймд энэ удаа Мияазаки мужид амьдарч үзсэн надад сонирхолтой санагдсан Мияазаки мужийн соёл болох “Дайкон Ягура/Цагаан луувангийн цамхаг”-ийн талаар танилцуулмаар байна.
★Хобби: Шатар болон иог
Би бага байхаасаа аавтайгаа хамт шатар тоглож өссөн бөгөөд үүний дүнд анхаарал төвлөрөх чадвар, тэвчээр, сэтгэн бодох чадвараа хөгжүүлж чадсан. Иймд одоо ч гэсэн анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай нөхцөлд дуустал нь анхаарлаа төвлөрүүлж чаддаг.
★Цаашид хийх хүсэлтэй зүйл: Монгол, Япон улсад өөрийн хувь нэмэрээ оруулах
Монгол, Япон улсыг холбох гүүр нь байж, чадах чинээгээрээ олон төрөлөөр энэ 2 улсад хувь нэмэрээ оруулаад явъя гэж бодож байна.
■Мияазаки мужийн соёл “Дайкон Ягура”-г танилцуулъя гэж бодсон шалтгаан

Миний бие Мияазаки мужийн соёл “Дайкон Ягура”-г танилцуулъя гэж бодсон шалтгаан гэвэл шим тэжээлээр баялаг хатаасан цагаан луувангийн үйлдвэрлэлээр Мияазаки муж нь Японд нэгт ордог бөгөөд өвлийн уламжлал гэгддэг Дайкон Ягура бол Мияазаки мужид л байдаг, өөр хаана ч байхгүй сонирхолтой соёл гэж би бодлоо. Түүнчлэн Токио, Осака, Киото, Нара, Хоккайдо зэрэг газрууд гадаадынхны дунд нэр хүндтэй байдаг ч Япон даяар аялаж үзсэн хүмүүс ч Мияазаки мужийг байгалийн баялаг, амьдрахад тухтай газар гэдгийг мэддэггүй тул энд танилцуулъя гэж бодлоо.
※Дашрамд хэлэхэд, энэ удаад танилцуулах Дайкон Ягура нь 2022 оны 2-р сард Японы хөдөө аж ахуйн өвийн гэрчилгээг авсан! !
■Өндөр шим тэжээлтэй хатаасан цагаан луувангийн онцлог

・Хоолны эслэг, витамин зэрэг шим тэжээлт бодисоор баяжуулсан
・Энэ нь шөлний амтыг сайжруулж, бүх хоолонд баялаг амт нэмнэ
・Өрөөний хэмд удаан хугацаагаар хадгалах боломжтой
■Мияазаки мужийн Дайкон Ягура-ийн түүх

・Алдартай газар: Мияазаки мужийн Тано хот
・Эхлэл: 1960 он орчим~ (*Эдогийн үед~)
・Хэмжээ: Өргөн 6м, өндөр 6м (дээд тал нь 100м)
・Хугацаа: 12-р сараас 2-р сарын сүүл хүртэл
Дайкон Ягура бол Мияазаки мужийн Тано хотод голчлон зохиогддог уламжлалт арга хэмжээ бөгөөд жил бүрийн өвлийн арга хэмжээ гэдгээрээ алдартай. Дайкон Ягура бол тус орон нутгаас хурааж авсан цагаан лууванг хэрэглэдэг баяр ёслол, зан үйл бөгөөд энэ нь арвин ургац авахын төлөө залбирал гэсэн утгыг мөн агуулдаг.
※Мияазаки хотын албан ёсны суваг дээр Дайкон Ягурагийн танилцуулга видео гарсан тул сонирхож байвал дараах холбоосоор үзнэ үү.
■ Монгол болон Япон улсын хоолны соёл

【Монгол улс】
・Үндсэн хоол: Мах (хонь, үхэр, адууны мах) / Сүүн бүтээгдэхүүн / Үр тариа
・Хоол хийх арга: Шарсан мах, шөлтэй хоол, бууз, хуушуур гэх битүү хоол
Монгол орон дөрвөн улиралтай ч өндөрт оршдог, хуурай газар учир агаарын температур бага, салхины хүчтэй байдаг. Мөн Монголын гол хүнс нь мах бөгөөд ногоо их иддэггүй байсан бол одоо янз бүрийн орны нөлөөгөөр хүнсний ногоог бага багаар хэрэглэж эхэлж байгаа. Дашрамд дурдахад, сүүлийн үед Монголд ч даршилсан ногоо иддэг заншил бий болсон. Энэ нь Японоос нэвтэрсэн хоолны соёл юм.
【Япон улс】
・Үндсэн хоол: Будаа
・Хоол хийх арга: Улирлын чанартай орц найрлагыг ашигласан хоол хийх арга
Японы гол хүнс нь будаа бөгөөд бүс нутаг бүр өөр өөрийн гэсэн хоолны соёлтой байдаг. Нэмж дурдахад япон хоолонд хүнсний ногоо, загас, буурцагт ургамлууд ихээр агуулагддаг тул эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн дуртай хоол болдог. Тэр дундаа Японд энд танилцуулж буйтай адил хатаасан цагаан лууван гэх мэт даршилсан ногоо их байдаг бөгөөд үүнийг идсэнээр дархлааг сайжруулах үр дүнтэй. Би анхандаа даршилсан ногоо идэх дургүй байсан ч хүнсний ногоогоос хангалттай шим тэжээл авах нь чухал тул сайн иддэг болсон.
■Мияазаки мужийн Дайкон Ягура очиж үзсэний дараах сэтгэгдэл

Би 1 сард Мияазаки хотын баруун өмнөд хэсэгт байрлах Тано хотод очин Дайкон Ягура үзсэн. Надаас гадна 10 гадаад хүмүүс байсан ба бид Дайкон Ягура болон мөн ойролцоох даршилсан ногооны үйлдвэртэй танилцсан. Гэвч даршилсан ногооны соёл байдаггүй Монголд өссөн болохоор яаж хүнсний ногоог даршилдаг зэрэг “Энэ ямар хүнсний бүтээгдэхүүн бол?'' гэж гайхаж байснаа одоо ч санаж байна. Мөн алсаас Дайкон Ягура нь цагаан майхан мэт харагдсан ч ойртож очоод миний цагаан майхан гэж бодсон зүйл маань бүгд наранд хатаасан цагаан лууван байсныг олж мэдээд гайхсан.
Монголд ч гэсэн малчидын амьдардаг гэр хэмээх нүүдэллэх боломжтой орон сууц байдаг бөгөөд түүний дээвэр дээр тарагийг дөрвөлжин юм уу дугуй хэлбэрт оруулж нар салхинд хатааж, “Ааруул” хийдэг соёл байдаг. Хэдийгээр Ази тивд байдаг ч Монгол, Япон хоёр улсын хоолны соёл огт өөр байдаг нь их сонин байлаа.
■ Дайкон Ягура очиж үзэхэд анхаарах зүйлс
・Автобус 1 цагт 1 удаа явдаг.
・Хувцаслалтандаа анхаарах (орой хүйтэн байна).
Мияазаки нисэх онгоцны буудлаас Тано хот хүртэл автобус, галт тэрэг явдаг боловч бага явдаг тул явахаасаа өмнө цагийн хуваарийг сайтар шалгах хэрэгтэй. Хэрэв та машин жолоодох боломжтой бол машин түрээслэхийг зөвлөж байна. Нэмж дурдахад, оройн цагаар Дайкон Ягура-н гэрэлтүүлэг асах тул үдээс хойш очиж үзэхийг зөвлөж байна. Гэхдээ оройноос шөнө хүртэл температур хурдан унах тул та дулаан хувцаслаж очоорой.
■Дүгнэлт

Энэ удаад бид Мияазаки мужийн Тано хотын Дайкон Ягураг танилцууллаа, таньд таалагдасан уу? Мияазаки муж нь Токио, Осакагаас илүү сайхан байгальд хүрээлэгдсэн бөгөөд та цагийг илүү тайван өнгөрүүлэх боломжтой. Цаашилбал, Японы үлгэр домогийн өлгий нутаг болохоор төрөл бүрийн үлгэр домог үлдсэн мөн амтат хоол ихтэй газар тул Кюүшюг зорих гэж байгаа бол Мияазаки мужид заавал очиж үзээрэй. Энэ хүртэл уншсан танд баярлалаа.